Sunday, February 22, 2009

Cambridge



Ямар ч гэсэн зүг чигээ мэддэг болоод ирсэн газрынхаа талаар хүн амьтанд сонирхуулж ярихтайгаа болов. Манайх гэдэг айл Кэмбриж хэмээх энэ хотод ам бүл нэмээд сар гаруй болжээ. Хотын нэр Cam голын гүүр (Cam-bridge) гэсэн утгатай гэнэ. Кэмбриж хот Иx Британий нийслэл Лондонгоос хойшоо 80 км орчим зайтай, 100 гаруй мянган хүн амтай хот юм. Энэ хотын хүн амын дөрөвний нэгийг дэлхийд зартай Кэмбрижийн Их Сургуулийн оюутнууд бүрдүүлдэг аж. Энэ нутагт хүмүүс эрт дээрээс суурьшиж байсан баримт олон бий. Хамгийн хуучны олдвор 3500 жилийн тэртээх гэнэ. Харин хот болон төлөвших явц манай эрний дөчөөд онд Ромчууд английг эзэлж байсан үеэс эхтэй гэдэг юм байна.
1209 онд Оксфордын их сургуулийн ажилтан хүн амины хэргээр цаазлуулсан явдлыг эсэргүүцэж хэсэг судлаачид Оксфордоос өрх тусгаарлаж энэ хот уруу дүрвэж, Кэмбрижийн их сургуулийн үндэс суурийг тавьсан гэдэг. Энэ жил уг их сургуулийн 800 жилийн ой болж байгаа юм байна. Энэ ойг тохиолдуулан олон янзын хурал, фестивал, үзэсгэлэн олон гарч энэ хавиар үзэж харах зүйл жирийн үеийг бодвол элбэг байгаа гэж дуулдав. Хамгийн наад захын жишээ энэ оны 3 сард бүтэн сарын турш хүүхдүүдэд шинжлэх ухаан танин мэдүүлэх зорилготой "science festival" болох юм байна. Уг фэстивалийн үеэр хүүхдүүд өөрийн гараар туршилт тавих, сонирхолтой яриа лекцэнд оролцох, сонирхолтой үзэсгэлэн үзэж танилцах завшаан таарах гэнэ.



Кэмбрижийн их сургууль олон жилийн турш дэлхийн шилдэг таван их сургуулийн тоонд тогтвортой шалгарч, нийт 83 Нобэлийн шагналтан төрүүлсэн нь дэлхийд хамгийн Нобэлийн шагналтан төрүүлсэн сургууль гэсэн алдар авчирчээ. ДНХ молекулын бүтцийг тодорхойлсон Франсис Крик, Жэймс Ватсон нар, уургийн бүтэц амин хүчлийн дэс дараанаас хамаарахыг тогтоосон Фрэдэрик Сангэр (дараагаар нь ДНХ молекулын нуклеотидийн дэс дарааг тогттох арга боловсруулж хоёр дах Нобэлийн шагналаа авсан), атомын бүтэц, квантын онол боловсруулахад жинтэй хувь нэмэр оруулсан Нилс Бор гээд бүгдийг жагсаахад цаг зав хүрэлцэхгүй тул ингэсгээд орхив. Нобэлийн шагнал бий болохоос өмнө дэлхийд алдартай олон эрдэмтэн алдартан энэ сургуулийг дамжиж гарсаныг дурдах нь зүйтэй болов уу. Миний мэдэхээс Исаак Ньютон, Чарлз Дарвин нар Кэмбрижийн их сургуулийг төгссөн юм байна. Түүнээс гадна Их Британий 15 ерөнхий сайд, өөр орны 23 төрийн тэргүүн энэ сургуулиар овоглодог гэнэ.



Хотын хөгжил, амьдрал Кэмбрижийн их сургуультай салшгүй холбоотой. Хотын төвийн ихэнх барилга их сургуулийн мэдэлд байдаг бөгөөд дэлгүүр хоршоо, бизнесийн байгууллагууд их сургуулиас байр түрээсэлж ажил амьдралаа залгуулна. Хотын иргэдийн нэлээд хэсгийг их сургуулийн ажиллагсад бүрдүүлнэ. Миний бодлоор зөвхөн эрдмийн ажил хийж байгаа судлаачдын тоо оюутнуудынхаа тоотой бараг л дүйж очих болов уу.
За албан ёсны маягтай таницуулга гэвэл иймэрхүү. Тэгэж байгаад өөрт тохиолдсоноо зав зайгаараа оруулнаа. Энд тавьсан зарим тоо баримтыг Википэдиагаас авсан болно.

Sunday, February 8, 2009

Англи хэл, Америк хэл?

Анх ирсэнээ бодвол овоо дасаад илүү дутуу юм сонирхох тэнхэлтэй болж байх шиг байна. Хамгийн түрүүн анхааралд өртсөн зүйл бол англичууд ба америкчуудын ярианы хэлний зөрөө байлаа. Хэдий нэг хэл гэлээч зарим хэвшмэл хэллэг эсвэл алив юмсын нэрийг өөр өөрөөр хэлдэг нь чихэнд өртөж зарим тохиолдолд тэрүүхэндээ толгой эргүүлээд авсан юм байна.
Ирсэний маргааш анх хотын төв орох болтол буусан буудлын эзэн сайхан зантай өвгөн заавал машинаараа хүргэж өгөх юм болов. Тэр та нарт pushchair чинь хэрэгтэй юу? гэж асуухад нь юу хэлээд байгаа юм бол гээд нүүрэндээ асуултын тэмдэг тодруулан гайхаж зогстол хажууд байсан охины маань тэргийг заадаг юм байна. Америкчууд хүүхдийн тэргийг stroller гэдэг. Замдаа Дублинд буухад онгоцны үйлчлэгч эмэгтэй хүүхдийн тэргийг buggy гэж байсан санагдана. Гэх мэтчилэн өдөр хоног өнгөрөх тусам шинэ үг олныг сурч байх шив. Дор хэдэн жишээ оруулав.
Америк - Англи
exit - way out
syrup - squash
cart - trolley
crib - cot
cell phone - mobile
scotch tape - sello tape
Q-tips - buds
cookie - biscuits
Үгсийн сангийн зөрүүнээс гадна аялга гэгч хэцүү эд байх. Ялангуяа утсаар хэн нэгэнтэй ярихад хэлсэнийх нь хагасыг ойлгохгүй байх жишээтэй. Тэрнээсээ түвэгшээгээд элдэв хөөцөлдөх ажил гарахад нь биеэрээ явж очоод байвал цаг хүрэлцэхгүй шинжтэй. Миний бодлоор хүн болгон арай өөр аялгаар яриад байх шиг. Учрыг лавлавал тухайн хүн аль нутгаас ирсэн гэдгээсээ шалтгаалж өөр өөр аялгатай ярьдаг юм шиг тайлбар сонсов. Ялангуяа хойд нутгаас ирсэн хүмүүс их өвөрмөц аялгатай ярьдаг гэнэ. Гэхдээ өдөр хоног өнгөрөх тусам чих дасаад гайгүй болоод байх шиг байгаа юм.

Tuesday, February 3, 2009

Цас

Уржигдар орой эхэлж орсон цас өчигдөр үргэлжилж, энэ нутагт сүүлийн 18 жил үзэгдээгүй их цас унажээ. Лондон хотод нийтийн тээвэр бараг л зогсоод, энэ хавийн ихэнх сургууль үүдээ барив. Уг нь цас их ордог газартай харьцуулбал тийм ч их биш л дээ. Гэхдээ олон ордоггүй болохоор бэлтгэл муутай байсных юм болов уу.
Сургууль хаалттай энэ өдөр хүүхдүүд л шавиагаа ханатал цасаар тоглож өнжсөн болов уу. Орой ажлаасаа ирж явахад энэ хавийн аль байшинд хүүхэд амьдардагийг амархан хэлж болохоор байв. Хүүхэдтэй айл болгоны үүдэнд янз бүрийн хэмжээ, хэлбэртэй цасан хүн зогсож байсан болохоор тэр. Манай хэд бас нэг ийм хүн хийгээд тавьчихсан тэрхэн хавьдаа нэлээн том харагдаж байлаа. Дараа сонсохноо охины хүсэлтээр аав ах хоёр нь teletubby урласан нь тэр юм байж.