Thursday, April 30, 2009

Явцуу сэтгэлгээ

Хийж байгаа ажлынхаа юунд нь дуртай вэ гэсэн асуулт гарахад хамгийн түрүүнд судалгаа хийж байгаа улс ихэнхдээ нээлттэй сэтгэж алив юманд баригдаж явцуурдаггүй гэсэн хариулт нэлээн түрүүнд давхиж явдаг юм. Энд ирсээр салбартаа хийсэн ажлаараа танил болсон бас Нобэлийн шагнал хүртсэн гээд алдар цуутай эрдэмтдийн лекцэнд суух завшаан хэд хэд таарсаныг азтай хэрэг хэмээн бодож явдаг билээ. Өчигдөр Даунинг коллэжид Үүний (Oon) шагнал авсан эрдэмтэн Дуглас Мэлтон лекц уншина гэхээр нь бас л олзуурхаад ажлаасаа жаахан эрт гарлаа. Энэ коллеж жил бүр анагаахын салбарт амжилт гаргаж буй нэг судлаачид сингапурын малай гаралтай инженерийн нэрэмжит шагнал олгодог аж. Миний хувьд цаашдаа чихрийн шижин өвчний талаар судалгаа хийхсэн гэж мөрөөдөж явдаг нэгэн болохоор олонд зартай энэ эрхэмийн яриаг сонсох гэж хичээсэн хэрэг.

Хийж буй ажлаа гүйцээж гарах гэсээр бараг хоцрох шахсанаа мэдээд автобусанд сууваа. Ороод мөнгөө төлөх гээд цүнхээ уудалсан түрийвчээ мартсан байлаа. Азаар хамт ажилладаг залуу зам нийлж таараад автобусны мөнгө зээлдүүлж намайгаа аврав. Ажил тарахтай давхардсан болохоор хаа сайгүй бөглөрөө арай гэж хүрэх буудалдаа буугаад гүйх шахам явж зарласан байшинд очоод мэл гайхав. Эрчүүд нь бүгд костюм зангиатай, бүсгүйчүүд нь гоёлын даашинз өмсөж өндөр өсгийтэй туфли жийгээд, анхилам үнэртэй сүрчиг ханхлуулцгаасан байх юм. Манай ажлын гурав (намайг оруулаад) хүмүүсийг дээрээс нь доош нь шилжүүлж хараад дараа өөрсдийгөө харвал халуунд яаруу алхаад нүүр ам нь улайсан, хааш яашхан хувцасласан нь бусдаас дэндүү содон харагдав. Би ч дотроо арай андуураад үдэшлэг энэ тэрлыы орчихсон юм биш байгаа гэж бодож бас үзэв. Гэтэл яах аргагүй зөв газар, шагналын лекцийн дараа хүндэтгэлийн зоог барих учир хүмүүс ингэж гоёсон гэнэ. Тэр зоог нь ч маньд хамаатай биш, лекц болох танхим уруу нэг их хүний анхаарал татахгүй санаатай зөөлөн зөөлөн гишгэсээр ороод явчихлаа.

За тэгээд лекц ч эхлэв. Нөгөө миний рок одын дайтай хүндэлж явдаг нэгний нэр хүнд миний хувьд шалдаа буугаад явчихаваа. Хэргийн учир хийсэн бүтээсэндээ биш юмаа. Хийсэн бүтээснийг нь ярих юм бол үнэхээр гайхалтай нэгэн боловч нэг тийм явцуу номлол маягаар лекцээ уншсан нь ингэж гонсойлгосон хэрэг. Шинжлэх ухаанд баталж чадаагүй юмаа огт байхгүй гэж зүтгэх жаахан бүдүүлэг хэрэгт тооцдог. Мань эр өөрөө олоогүй зүйлээ байхгүй хэмээн нэгэн салбарт ажилладаг бусдын судалж олсоныг бараг л үгүйсгэж орхив. Шинжлэх ухаанд хар цагаанаар хандаж болохгүй ямар ч гэсэн зуун хувь баталж чадаагүй зүйлийг байж болох зүйл хэмээн нээлттэй сэтгэх зарчим бий. Өөрөө олоогүй л бол бусдын олж харсан үнэ хүндгүй хэмээн үзэх үнэндээ бүдүүлэг хэрэг биш гэж үү.

Сайн сайхнаар төсөөлж байсан зүйл ингээд нүдний өмнө шалчийж орхихоор сэтгэл үнэхээр гонсойж орхих юмаа.

Saturday, April 25, 2009

Хунгийн үүр




Манай архантай нэг жижиг горхин урсдаг юм. Горхи дагаад явахад усны урсгал сонсоод таатай байдаг хэдий ч зарим хэсэгт нь хэн нэгэн хог новшоо хаяж овоолоод нөгөө сайхан тааламжтай мэдрэмжийг үгүй хийж орхино. Тэр хогтой хэсгийн дунд арваад хоногийн өмнө хос хун үүрээ засаад, удалгүй эм хун өндөгөө дараад хэвтчихсэн юм. Хог хаядаг улс үргээж цочоох вий гэж санаа зовоод бид хэд байн байн эргэдэг юм. Заримдаа урт ургасан өвс сүрлээр үүрээ засаж сэлбэх "аавтай" хааяа таарна. Хүнээс айж үргэдэггүй бололтой, хүүхдүүд маань тийшээ явах их дуртай болоод байгаа.

Wednesday, April 22, 2009

Earth day-2


Өнөөдөр Earth Day. Эх дэлхий байгал орчноо хамгаалахын чухлыг сануулах өдөр. Ноднин энэ өдөр гялгар уутны талаар бичлэг оруулж байлаа. Нэг жилийн дараа эргээд харахад гялгар уут хэрэглэхээс аль болох татгалзаж сурч байнаа. Энэ удаад хүний санаанд тэр бүр ороод байхгүй аргаар байгал орчноо хэрхэн хамгаалж болох талаар сонин хэвлэлээс харсанаа эвлүүлж оруулъя.
1. Англид ирээд авсан анхны сонин дээр нэг гэр бүл хоёроос илүү хүүхэдтэй байх нь эх дэлхийгээ санаатайгаар хордуулж буй хэрэг гэсэн утгатай нийтлэл уншаад мэл гайхаж билээ. Ухаандаа нэг хүний бий болгох нүүрстөрөгчийн ислийг гэр бүлийн гишүүний тоогоор үржүүлээд ийм санаанд хүрсэн бололтой. Энэ үзлийг шүүмжлэгчид болохоор олон хүүхэдтэй айлууд харин ч алив юманд ариг гамтай ханддаг болохоор ийм харьцуулалт хийх нь тэнэг хэрэг гэж хариу барьсан санагдана. Ер нь ямар ч хүн гэр бүл төлөвлөхдөө хүүхдийн тоо нүүрсxүчлийн хийг хамааруулж тооцоолдоггүй байх.
2. Сүүлийн үед хэт таргалалт орчин тойронд халтай нөлөө үзүүлнэ гэх нийтлэлүүд элбэг үзэгдэх болжээ. Хэт таргалах илүү хүнс, илүү энерги хэрэглэхийн эх үүсвэр. Түүнээс гадна тарган хүмүүсийг зөөхөд тээврийн хэрэгсэл илүү шатахуун хэрэглэнэ. Цаашилбал хэт тарган хүмүүс элдэв ужиг өвчинд нэрвэгдэх магадлал өндөр. Тэр хэмжээгээрээ эм илүү хэрэглэнэ. Эм эмчилгээнд мөн л энерги илүү зарцуулагдана гэжээ. Бодоход илүүдэхгүй л асуудал. Ядаж л хэт таргалаад өөрөө алхаж чадахгүй цахилгаан тэргэнцэр хэрэглэдэг нь наад захын жишээ. Жингээ хасах гэсэн хүмүүст бас нэг шалтгаан гаргаж өгч байгаа нь зүгээр ч юм шиг.
3. Бидний хэрэглэх хоол хүнсний төрөл бас л байгал орчинд үзүүлэх нөлөөгөөрөө янз бүр. Жишээ нь 1 кг үхрийн мах бий болохдоо 15 кг нүүрстөрөгчийн исэл ялгаруулдаг бол, гахайн мах 10 кг орчим, тахиан мах 1 кг ийг ялгаруулдаг гэнэ. Тэгэхээр аль болох орчин тойронд бага нөлөө үзүүлэх хүнс сонгох нь зүйтэй маягийн зөвлөмж харагдсан юм байна.
Энэ мэтээр хүний байгалд үзүүлэх нөлөөг бага гэлтгүй судалж нийтэд мэдээлж байгаа нь сайн хэрэг. Харин мэдээлэл авсан улс амьдралын хэв маягаа өөрчлөхөд хэр хугацаа ордог бол?

Saturday, April 18, 2009

Бямбын өглөө

Бямба гаригийн өглөө цайгаа уучихаад охиноо дагуулаад ойрхон байдаг хүүхдийн тоглоомын талбайг зүглэвээ. Ховорхон таардаг нартай өдрийг ашиглаад авъя гэж яарсан хэрэг. Талбай уг нь манайхаас тавиад метрийн зайтай ч шууд яваад очиж болохгүй хашаа барьчихсан болохоор тойрж явсаар арваад минут алхдаг юм. Охин маань ч замдаа мэддэг хэлнүүдээ холиод заримдаа ойлгогдох заримдаа ойлгогдохүй юм зогсоо зайгүй шулганасаар талбайд ирэв. Тоглоомын талбай уужуу сайхан цэцэрлэгт хүрээлэнгийн дунд байрладаг. Олон янзын авирдаг, савладаг, эргэдэг олон тоглоом бас гайгүй зассан газрын теннисны талбайтай цэмцгэр сайхан газар л даа. Зассан зүлгэн дээр жижиг том хүүхдүүд нийлэн хөл бөмбөг өшиглөнө. Хэдэн нохой шавиагаа ханатал гүйж нар нь гарч байгаа бололтой харагдана. Шувуу жиргээд нар ээгээд ямар сайхан өглөө байваа. Голдуу бүрхэг байж бороо их ордог газар ингээд сайхан өдөр болохоор диваажинд ирчихсэн юм шиг санагдах нь бий.
Охин бөмбөг харангуутаа би бас бөмбөгөөр тоглодог гэж сандаргав. Өдрийн хоолны дараа бөмбөгөө авчиръя. Чи одоо тоглоомын талбай дээрээ тоглочих гэвэл тэгэсгээд арганд орлоо. Савлуур, гулсуур, авирдаг олс энэ тэрээр ээлжлэн тоглож байтал гурван залуу гартаа нэг нэг лаазтай юм барьчихсан гуйвж дайвсаар тоглоомын талбайд орж ирсэн нь авцалдаагүй хачин харагдав. Нэг нь бүр хөл дээрээ тогтохгүй шахам, тэгэснээ хоорондоо зүүн европын славян хэлээр чангаар ярилцаж байгаад талбайн захын өвсөн дээр тухлан сууж харагдана. Надад ийм улс тоглож байгаа хүүхдүүдтэй дэндүү ойр байх таатай санагдсангүй, эргэн тойрноо ажвал тэрүүгээр тоглож байгаа хүүхдүүдийн эцэг эх ер тоосон шинжгүй. Ийм эрт ингэж согтсон улс хаа ч элбэг харагддаггүй болохоор тэгсэн болов уу. Нөгөө талаар ингэж гоё тохижуулсан талбайгаар үе үе пивоны лааз элдэв хог хөглөрч харагдах нь бий. Иймэрхүү улс цугларч хог тарьдаг байх нь. Хаа газар ийм бусдын тав тух болоод хөдөлмөрийг үнэлдэггүй улс байх юмаа.
Тэгээд хэрвээ Нью Иоркийн аль нэг хүн хүүхэд олон цугласан газар иймэрхүү хүмүүс таарсан бол яах бол гэж бодож үзэв. Америкт гудамж талбай олон нийтийн газар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглодог. Кино шийн дээр ч гардаг даа, ууж байгаа улс шил лаазаа бор уутанд хийгээд барьчихсан байдаг. Нөгөө талаар өөрсдөө хүүхэд дагуулаагүй байж тоглоомын талбайгаар эргэлдэж байгаа насанд хүрсэн эрэгтэй хүнийн их сэжиг бүхий харж, тэр хавийн ээж нар жигтэйхэн хянамгай болчихдог юм. Зарим бүр очоод янз бүрээр шалгаагаад амжчихсан байгаа. Том газар олон янзын юм тохиолддог болохоор хүмүүс илүү хянуур байдаг байх л даа. Харин эндхийнхэн их тайван улс юм, тайван газрын шинж юм уу гэж бодов.

Thursday, April 16, 2009

Хассан жингээ барих яагаад хэцүү вэ?


Яг ийм нэртэй лекц Колумбийн их сургуулийн профессор Розэнбаум манай хүрээлэнд уншив. Орчин үед энэ асуулт насанд хүрсэн ихэнх хүмүүсийн толгойны өвчин болсон гэвэл хилсдэхгүй байхаа. Би гэдэг хүн ажлын сэдэвт маань хамаагүй ч гэсэн сониуч зандаа хөтлөгдөн хэрэг болгон очиж суусан хэрэг. Явсан нохой яс зуудгийн үлгэрээр хэд хэдэн сонирхолтой зүйл олж мэдсэнээ энд буулгая.

Энэ хүний судалгаа удаан хугацааны турш тарган туранхай олон янзын сайн дурынхныг 5 сар орчим эмнэлэгт хэвтүүлэн илчлэг, бүтцийг нарийн тохируулсан шингэн хоолоор хооллож, биохими, физиологи, болоод мэдрэлийн олон шинжилгээ авч үр дүнг харьцуулжээ. Ингээд профессорын ярьсаныг цомхотговол угаасаа хүний бие жин нэмэхэд тун дуртай энэ нь байгалийн шалгаралтай холбоотой гэнэ. Эрт дээр үед илчлэгээ нөөцөлж өөх болгож чадсан нь хоол хүнсний хомсдолын үед амьд гарч, үр төлөө үлдээх чадвартай байж. Цаашлаад эмэгтэйчүүд мөн нөөцөлсөн илчлэгээрээ үр хүүхдээ тэжээнэ. Хоол хүн ховордох үед тарган эмэгтэйчүүд жирэмсэн болох чадвар багатай учраас энергиэ өөрөө амь гарахад зориулна гэх мэт. Энэ утгаар туранхай байх нь ашиггүй байжээ. Бидний физиологи насанд хүрсэн амьдарлынхаа жил тутамд хагас кило жин нэмэхээр зохицсон байдаг. Мэдээж тэр үед хүмүүсийн наслалт богино байсан учраас өнөө үе шиг сөрөг нөлөө мэдэгддэггүй байж л дээ.

Цаашлаад ямар нэг аргаар жин хассан хүмүүсийн ихнэх нь 1-2 жилийн дотор хассан жингээ буцаагаад нэмчихдэг. Ингэж нэмсэн улсыг тэвчээр хатуужилгүй гээд өнгөц дүгнэх нь их бий. Тэгвэл жин хасах явц нь өөрөө хүний бодисын солилцоо болоод физиологид эргэж буцахааргүй өөрчлөлт оруулдаг нь буцаад жин нэмэхтэй тун их хамааралтай гэнэ. Хэргийн эзэн нь лэптин хэмээх жижиг уураг аж. Энэ уураг хүний биед энергийн зарцуулалт болоод хоолны дуршил зохицуулдаг. Өөрөөр хэлбэл цадлаа гэсэн мэдээллийг тархинд дамжуулдаг байна. Жин хасах явцад лэптиний түвшин огцом буурдаг бөгөөд жин хассанаас хойно удаан хугацааны турш энэ уургийн төвшин нэмэгдэггүй бөгөөд энэ нь жингээ барихад хамгийн том саад болдог. Иймээс жингээ хассан хүмүүс бусадтай харьцуулахад их иддэг нь цадлаа гэсэн дохиолол тун хожуу тархинд ирдэгтэй холбоотой гэнэ. Тиймээс хассан жингээ барихын тулд жин хасах оролдлого хийгээгүй хүмүүсээс бага идэж, бас илүү идэвхтэй хөдөлгөөнтэй байж амжилтанд хүрэх нь.

Энэхүү лекц тун сонирхолтой санагдсан тул олж мэдсэнээ чадах чинээгээрээ орчуулж хялбарчилж тавив. Дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл энэ сайтаас уншаарай (http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/18568078?ordinalpos=9&itool=EntrezSystem2.PEntrez.Pubmed.Pubmed_ResultsPanel.Pubmed_DefaultReportPanel.Pubmed_RVDocSum).

Sunday, April 12, 2009

Нөхөн үржихүйн эрүүл мэнд


Энэ сарын эхээр ийм нэгэн хуралд суусан маань олныг бодогдуулж, ямар нэг юм бичих санаа төрүүлсэн юм. Нөхөн үржихүй гэхээр эмэгтэйчүүд охидын эрүүл мэнд голлох байр суурь эзлэх нь зүйн хэрэг боловч, сайн тунгааж үзвэл эрэгтэй эмэгтэй гэж ялгалгүй нийт хүмүүсийн эрүүл мэндийг хөндөж ярих нь зүйтэй санагддаг юм. Гэхдээ энэ хуралд эмэгтэйчүүдийн болоод нярай хүүхдийн эрүүл мэндийн асуудал зонхилж, тухайн салбартаа нэрд гарсан эрдэмтэд хамгийн сүүлийн үеийн судалгааны үр дүн болоод энэ үр дүн жирийн хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлөх тухай ярилцав. Эмэгтэйчүүд болоод нярай хүүхдийн эрүүл мэнд тухайн улсын эдийн засаг болоод хөгжлийн түвшинтэй нягт холбоотой, хөгжингүй орнууд эрүүл мэндтэй холбоотой судалгааны үр дүнг шуурхай хэрэгжүүлж энэ нь эх хүүхдийн эрүүл мэндэд богино хугацаанд нөлөөлж чаддаг бол, ядуу улсад байдал эсрэгээр.

Статистикийн тоо баримтаас үзвэл манай монгол эх хүүхдийн эндэгдэл харьцангуй өндөр орны тоонд ордог нь сэтгэл эмзэглүүлэв. Эрүүл мэндийн байгууллагын бүтэц болоод нэг эмчид ногдох өвчтөний тоогоор барууны орнуудаас нэг их хол ялгаагүй хэрнээ эндэгдэл их байдаг нь нөгөө л хөрөнгө мөнгөний асуудал болов уу гэж бодож болох ч, нөхөн үржихүйн асуудлын цогц бодлого дутагдаж байгаа нь харагдаад байх шиг.

Хамгийн түрүүнд мэдээлэл охид эмэгтэйчүүдэд цагаа олж хүрч чаддаггүй болов уу. Гэр бүл төлөвлөлт, жирэмснээс хамгаалах аргууд, бэлгийн замын өвчний талаар мэдлэг дутуу. Тодорхой үеийнхэнд жирэмснээс хамгаалах цорын ганц арга нь үр хөндөлт болчихоод байсан үе бий. Харин одоо байдал арай дээрдсэн болов уу гэж найднам. Амьдарч байгаа орноороо жишээ авбал анх өрхийн эмчид бүртгүүлэхэд заавал ирж үзүүл гээд ерөнхий эрүүл мэндийн талаар асууж, өвчний түүхийг бүртгэж авахаас гадна, жирэмснээс хамгаалах ямар арга хэрэглэдэг вэ гэж заавал асуудаг юм байна. Хэрэв шаардлагатай гэж үзвэл тухайн хүнд ямар арга (эм бэлдмэл, ерөндөг гээд) аль нь тохирох талаар зөвлөгөө өгөөд, гэр бүл төлөвлөлттэй холбоотой зардал даатгалаас гардаг болохоор хувь хүн өөрөө төлбөр төлөх шаардлагагүй гэдгийг ойлгуулдаг. Ингэхээр хэн ч бай төлбөрийн чадвар харгазахгүйгээр хэзээ үр хүүхэдтэй болох эсэхээ зохицуулж чадна гэсэн үг. Миний бодлоор манайд ийм хувилбар тохирох юм шиг. Нэгэнт хүмүүс ямар нэг байдлаар даатгалд хамаарагддаг, эрүүл мэндийн салбар ерөнхийдөө төрийн мэдэлд байгаа болохоор (энэ бол бас миний л бодол, байдал яг амьдрал дээр өөр байж болох юм) төсөвлөсөн мөнгөний тодорхой хэсгийг гэр бүл төлөвлөлтөнд зарцуулах боломжтой болов уу. Хүсээгүй жирэмслэлтээс үүсэх өвчлөл, хараа хамгаалалтгүй хүүхдийн тоо багасаад ирэхээр энэ асуудалд зарсан мөнгө эргээд төсөвт хэмнэгдэх юм уу гэж санах юм.

Иргэн эрүүл бол засгаас гарах хөрөнгө мөнгө хэмнэгдэх тул сэргийлж болох өвчнөөс урдчилан сэргийлэхэд анхаарал хандуулах нь чухал. Хамгийн энгийн жишээ бол савны амсарын хавдар юм. Энэ хавдарыг 100% HPV (human papilloma virus) гэх бэлгийн замаар халдварладаг вирус үүсгэдэг. Баруун Европ, Хойд Америкийн судалгаагаар эмэгтэйчүүдийн 80% хувь нь энэ вирусны халдвар авдаг. Халдвар авсан ихэнх хүмүүст ямар нэг шинж тэмдэг илрэхгүй эдгэдэг бол 10-20% нь савны амсарын хорт хавдраар өвчилдөг гэнэ. Хөгжингүй орнуудад савны амсарын эсийн шинжилгээнд эмэгтэйчүүдийг 25 наснаас нь эхлэн хамруулсанаар хавдарыг эрт оношилж өдгөө ийм өвчний улмаар нас барах нь эрс цөөрсөн, тийм ч учраас олон сая доллар жил бүр эрүүл мэндийн төсвөөс хэмнэгдэх болсон гэх. Цаашлаад энэ вируснээс урдчилан сэргийлэх вакцин бий болгоод өсвөр насны охидыг вакцинжуулалтанд хамруулж байгаа юм байна. Вакцин өөрөө өртөг өндөртэй ч хуралд энэ талаар илтгэл тавьсан судлаачийн ярьсанаар бол ямар ч гэсэн хавдар эмчлэх зардлаас хамаагүй бага гэж ойлгов. Цаашлаад хөвгүүдийг ч бас хамруулахын чухлыг дурдаж байна лээ.

Хэдэн жилийн өмнөх байдлаар манайд эсийн шинжилгээ хийх боломж байхгүй гэж нэг эмч хэлсэн санагдана. Дараа нь барууны нэг байгууллагын хандиваар нэг хэсэг эмэгтэйчүүдэд шинжилгээ хийсэн тухай сонин дээрээс уншиж байлаа. Одоо чухам шинжилгээ хийх лабораторийн боломж хэр болсон юм. Болдог бол үүнд анхаарлаа хандуулж шийдэх хэрэгтэй санагдана.

Би гэдэг хүн хурал дээр сонссоноо эв хавгүйхэн сараачив. Та бүхэн санал бодлоо хуваалцвал баярлана. Эрүүл мэнд гэдэг хамгийн чухал асуудал дээр нь нөхөн үржихүйн эрүүл мэнд гэдэг манайх шиг цөөн хүн амтай улсад бдологын хэмжээнд анхаарал тавих ёстой болов уу гэж мунхаглав.

Saturday, April 11, 2009