Saturday, May 30, 2009

Punting

Punt гээч хавтгай ёроолтой, жижиг, гүехэн голоор явахад зориулсан завь. Халбага хэлбэрийн сэлүүрийн оронд урт модоор голын ёроолд тулж, түлхэж явдаг нэг талаар Венецийн сувгаар явах олонд алдартай гондолаг санагдуулам боловч завины бүтэц арай өөр гэнэ. Кэмбриж дундуур урсах Кам голоор ийм завь олон явдаг. Зөвхөн жуулчид ч биш ер нь англичуудын хувьд punting чөлөөт цагаа өнгөрөөх дуртай хэрэгслийн нэг. Сар гаруйн өмнө манайд ажиллаж байсан техникч залуу ажлаа солиход үдэлтийн арга хэмжээ болгож бүгдээрээ Кам голоор энэхүү завиар зугаалсан юм. Ингээд хоёр завинд хуваагдаж суугаад эхэндээ арай туршлагатай хоёр хүнээр завиа жолоодуулав (жолоодох гэснээс арай өөр үг хэрэглэх ёстой болов уу). Буцахдаа шинэ хүмүүс. Унжсан модны мөчирт ороодолдох усанд унах гээд хөгтэй явдлаар дүүрэн. Энэ зугаалгын хэдэн зураг оруулав.



















Sunday, May 24, 2009

Сонгууль, сумо, хөл бөмбөг бас бус...

Өнөөдөр энэ нутагт ховорхон тохиолддог үүлгүй цэлмэг нартай дулаахан сайхан өдөр болов. Нар таатайхан ээж, шувуу жиргээд зун гэж ийм л байдаг даа гэмээр. Байшингийнхаа гадаах алгын чинээ цэцэрлэгтээ дэвсгэр дэвсэж хэвтээд ном сонин уншсан шиг сайхан байлаа. Цонхоор харвал хүмүүс бүгд л шорт майкаар гоёод зуны уур амьсгалд бүрэн оржээ. Халуун нартай өдөр ховор тохиолддог болохоор тэр үү эндхийнхэн нарны бараа үзэгдээд тэрмомэтр 17-18 хэм заахад л нүцгэлж орхино. Би гэдэг хүн цонхоор харж хувцасаа тохируулаад олон өдөр даарсан юмдаг.

Өглөө сумогийн сүүлийн өдрийн барилдаан үзэхэд хайртай бөх түрүүлээд сайхан байлаа. Хоёр гурван жилийн өмнөдөө сумогийн талаар бичдэг вэб сайтанд тэр үед Ама нэртэй байсан Бямбадоржийг уран барилдаантай хэдий ч жин ахидаггүй болохоор озэки, ёкузона болох боломж бараг үгүй ухааны юм бичсэн нийтлэл уншиж байснаа санадаг. Таамаг эвдэж озэки болоод бүр түрүүлж буй түүгээр бахархахаас ч өөр аргагүй юм даа. Үзүүр түрүүнд монгол хөвүүд өрсөлдөөд сайхан байна лээ шүү.

Ерөнхийлөгчийн сонгууль давхцаад дүнгийн талаар чих тавиастай. Манай мэдээллийн сайтууд шуурхай мэдээ хүргэж байгаа боловч тавьсан тоонууд нь зөрөөд учир нь сайн олдохгүй юмаа. Нэг нь тоолсон 236 багийн 156 д нь Элбэгдорж яллаа гэсэн байхад өөр нэг сайт 170 багт Энхбаяр ялав гэсэн байх юм. Уг нь нийт хэдэн баг тойргийн тоо, хэн нэг нь ялахад хэдэн санал хэрэгтэйг дурдаагүй болохоор тооллогын дүн хараад хэн нь илүү явааг тааж мэдэх аргагүй юм байна. Хүний санаанд багтамгүй хачин сонин юм уншиж залхаад за даа надад ямар хамаатай гэж бодож үзсэн хэдий ч бас л орхиж төвдөхгүй юм. Тэгээд бас яаж зүгээр байхав халз мэтгэлцээний бичлэг олж үзэв. Гайгүй гэж үнэлдэг "Өнөөдөр" сонин Энхбаяр илүү байлаа гэж бичсэн дүгнэлтийг үзээд нүд орой дээр гарах шахав. Наад захын ярианы чадвар гэхэд л том ялгаа тодоос тод дурайж байв гэж би дотроо бодсон юмсан. Бас хүндэлж явдаг урлаг спортын зүтгэлтэнгүүд ерөнхийлөгч гуайг учиргүй магтаалаар булсаныг нь үзээд хүндлэх сэтгэл дундрав гэж. Хэн хэнийгээ сонгох нь тухайн хүний эрх боловч хуучин нийгмийн магтан дуулдаг сэтгэхүй арилаагүйд гонсойсон хэрэг. Даяар монгол дээр гарсан төрийн тэргүүн дуу гээд хэн нэгний өмнөөс ичмээр зовмоор юм их болжээ. За яахав магтдаг нь магтдаг л юм байгаа биз гэхэд магтуулж байгаа хүнд ичиж нэрэлхэх гэж байхаа больжээ хөөрхий. Хараад байхад манай одоогийн ерөнхийлөгч яах аргагүй хуучин цагийн магтаал шагналд ханадаггүй (мөнгөнд ч бас нугасгүй юм шиг байгаа юм) Брежнев маягийн хүн үү дээ гэсэн бодол өөрийн эрхгүй төрөх юм. Хэн нэг нь ялах л биз, бага шиг хэрүүлтэй л дуусаасай гэж. Уг нь манайх шиг бэлгэдлийн төдий ерөнхлийлөгчийг бусдын жишгээр парламэнтаасаа сонгодог болчихвол ядаж л хэдэн цаас хэмнэх юм даа гэсэншүү юм бодоод л.

Одоо харин сонирхолтой санагдсан нэг түүхийг хуваалцъя. Кэмбриж хот орчин цагийн хөл бөмбөгийн тэмцээний дүрмийг өлгийдөж авсан газар гэнэ шүү. Xотын төвд Parker's Piece хэмээх томоос том зүлгэн талбай бий. Цаг агаар сайхан бол хүмүүс их цуглана. Зарим нь дэвсгэр дэвсээд хэвтэж л байх, зарим нь хөл бөмбөг, крикэт тоглоно, цаасан шувуу нисгэнэ. Чухам яг энэ талбайд орчин цагийн хөл бөмбөгийн дүрэм бий болсон гэдэг. Хөл бөмбөг эрт цагаас английн сургуулийн сурагчдын хамгийн дуртай тоглоом байж. 1579 онд хотын оршин суугчид болоод Кэмбрижийн их сургуулийн оюутнуудын хооронд болсон хөл бөмбөгийн тэмцээ асар том зодооноор өндөрлөсөнөөс үүдээд сургуулиуд хоорондоо тэмцээн зохиохыг хориглосон байжээ. 1830-аад оноос өөр өөрийн дүрмээр тоглодог байсан сургуулиуд хоорондоо тэмцээн зохиож эхлэсэн бөгөөд тоглоомын нэгдсэн дүрэмтэй болох шаардлага гарч ирж л дээ. 1848 онд дүрмийн эх бий болж, 1897 онд албан ёсоор бичигдэж түүхэнд Кэмбрижийн дүрэм гэж нэрлэгджээ. Кэмбрижийн дүрмийг хөл бөмбөгийн холбоо 1867 онд мөрдөж эхэлсэн гэнэлээ. Parker's Piece өнөөдөр нэг иймэрхүү харагддаг юм.

Saturday, May 16, 2009

Дуулиан...

Сүүлийн хоёр долоо хоног парламэнтийн гишүүдийг тойрсон дуулиан Их Британи улсыг доргиож, уур уцаар болсон сонгогчид шинэ сонгууль явуулахыг шаардаж эхлэв. Хэргийн учир Daily Telegraph сонин парламэнтийн гишүүд улсын төсвөөс өгдөг гарын мөнгөө юунд зарцуулсаныг ил гаргаад тавьсанд оршино. Эндхийн парламэнтийн гишүүн жилийн 64 мянга орчим паундын цалинтай, түүн дээрээ Лондонгоос гадна тойргоос сонгогдсон гүшүүдэд Лондонд хуралд суухдаа байрлах байр болоод амьдрах өртгийн нэмэгдэл гэж жилд 24 мянга хүртэлх паунд авах эрхтэй. Энэ мөнгө байр түрээслэх болоод худалдаж авах, ажил үүргээ гүйцэтгэхэд хэрэгцээтэй зүйлс худалдаж авах, амьдралын боломжийн түвшин бий болгоход зарцуулагдах ёстой бөгөөд гишүүд мөнгө авахдаа юунд зарцуулсан баримтаа парламэнтийн санхүү хариуцсан хэлтэст тайлагнах ёстой.
Дээрх сонинд дурдсанаар олон гишүүд энэ мөнгийг зүй бусаар зарцуулж хувьдаа ашиг олсон хэмээн буруутгаж байгаа. Жишээ нь, улсын мөнгөөр байраа засуулаад зарж ашиг олдог. Үнэтэй тавилга, усан бассэйн цэвэрлэх, цэцэрлэгчийн хөлс төлсөн, зарим нь улсын мөнгөөр авсан байраа эргээд өөр хүнд хөлслүүлдэг эсвэл гэр бүлийнхээ хэн нэгнийг суулгадаг гэх мэт олон баримт дэлгэжээ. Тэр бүү хэл худалдаж авсан байрны зээлээ төлөөд дууссан хэрнээ зээл төлж байгаа гэж сар бүр мөнгө авдаг улс ч мэр сэр байгаа гэнэ. Гэхдээ нарийн авч үзвэл хууль зөрчсөн нь энд үгүй боловч сонгогчид бидний эрх ашгийг хамгаалж, биднийг төлөөлөх ёстой гишүүд бидний татварын мөнгөөр гараа угааж буй нь ёс суртахуунгүй хэрэг хэмээн үзэж, парламэнтад суудалтай намуудын рэйтинг эрс буурав. Энэ дуулианаас үүдээд хэд хэдэн сайд болоод гишүүд сайн дураараа огцорч, олон гишүүд авсан мөнгөө буцааж төлж, уучлалт гуйв. Гэсэн ч сонгогчид ийм хүмүүст дахиж итгэх бэрх, авсанаа буцааж төлж байгаа нь нэгэнт эвдэрсэн итгэлийг засч чадахгүй. Айлд орсон хулгайч баригдаад "өө уучлаарай, энэ юмаа буцааж ав" гэж байгаатай адил гэж үзсэн хүн олон байгаа юм байна.
Үүнээс үүдээд гишүүдийн нэмэгдэл мөнгө авдаг дүрмийг өөрчилж татвар төлөгчдийн мөнгийг хувийн ашиг хонжоо олох хэрэгсэл болгохоос урдчилан сэргийлэх арга хэмжээ даруй авах хэрэгтэй гэсэн шийд гарав. Үүнийг ажил болгох бас хэцүү эд бололтой. Яагаад гэвэл нэмэгдэл орлoгыг хэтэрхий танавал парламэнтад зөвхөн баян юм уу эсвэл ямар нэг бизнесийн бүлгээр спонсордуулсан хүмүүс л сонгогдох магадлалтай. Зөвхөн гишүүний цалингаар Лондонд тодорхой түвшинд амьдрах боломж байхгүй гэсэн болгоомжлол бас яваад байна. Зарим гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, шүүх цагдаагаар шалгуулах болов. Хэдэн өдөр хаа сайгүй энэ тухай ярьсан хүмүүс. Энэ бүгдийг харж суугаад үгүй манайд бол тэр байтугай юм бий. Сонгогчдын бодол санаа манай их хурлын гишүүдэд ингэж нөлөөлөхгүй болов уу гэж бодогдсон юм. Тэр байтугай зүгээр л жилийнхээ орлогын мэдүүлгээ өгөхдөө хүртэл бөөн юм болдог санагдана.
Үүнтэй холбогдуулаад BBC вэб хуудсандаа Европийн бусад орны парламэнтийн дүрэм журмын тухай нийтэлсэн нь сонирхолтой санагдсан. Хамгийн нарийн дүрэм журамтай нь Шведийн парламэнт аж. Эдний гишүүд жил бүр улсаас авсан мөнгөндөө нарийвчилсан тооцоо гаргаж өгөхөөс гадна хэрэв ямар нэг компанид хувьцаа эзэмшдэг болоод удирдах зөвлөлд багтдаг бол түүнийгээ бас тайлагнах ёстой. Тэр бүү хэл ашгийн бус байгуулагын гишүүнчлэл гээд санхүү болоод нийгмийн амьдралынхаа дүр зургийг нарийн гаргаж өгөх ёстой бөгөөд энэ бүх мэдээлэл парламэнтийн вэб хуудсанд нийтлэгдэж сонирхсон хэн бүхэн үзэх эрхтэй байдаг. Манайх ийм парламэнттай бол сайханаа, тиймээ.
Манай их хурал их хурлын гишүүдийнхээ ёс зүйн хууль боловсруулж батлах гээд тохиролцож чадалгүй хэдэн жилийн нүүр үзсэн санагдана. Уг нь зөв тогтолцоогоороо бол ийм хууль гаргахад саад болсон хүмүүсийг итгэл даахгүй улс гэж үзээд дараагийн сонгуульд сонгохгүй л баймаар. Бодоод байхад манай иргэд сонгууль гэдэг эх орноо удирдахад оруулж байгаа хувь нэмэр хэмээн үзэж хариуцлагатай оролцмоор. Хэн нэгний үлгэр шиг амлалт, тараасан хэдэн төгрөгт хууртаж байгаа нь хахууль авч байгаагийн нэг илрэл биш гэж үү?

Friday, May 15, 2009

Толстойнд эргэж нэг зочилбол...



Лев Толстой оросын уран зохиолд жинтэй хувь нэмэр оруулсан гэдэгтэй маргах хүн гарахгүй бизээ. Арван жилийн уран зохиолын хичээл дээр түүний хэд хэдэн зохиол заавал унших ёстой зохиолын тоонд багтаж арван тав зургаатайдаа "Анна Каренина", "Дайн ба энх" болоод бас бус зохиолуудтай танилцаж байжээ. Тухайн үедээ "Анна Каренина"-г уншаад юунд тэгэж сүйд болоод байгааг ойлгоогүйгээ санадаг юм. Харин "Дайн ба энх" ийг шимтэн дурлан уншиж билээ. Гуч гарсан хойноо энэ хоёр зохиолыг англи хэл дээр хэрэг болгон авч дахин уншихад хүүхэд ахуйдаа олж ойлгоогүй зүйл олон байсныг ойлгож, тэдгээр зохиолуудын тухай бодол маань тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн юм.

Анна Каренинаг хайр сэтгэл, хүнтэй ханилахын утга учрыг мэдээгүй жаахан охин уншаад тэрхэндээ ээ энэ хүүхэн хүүхдээ бодоод нөхөртэйгөө л байж байхгүй тэнэг гэдэг нь гэж шүүмжилж байлаа. Гуч гарсан хойноо энэ бүсгүйн зовлонг мэдрэхийн ихээр мэдэрч ойлгож өрөвдөн уншиж билээ. Сэтгэлгүй хүнтэй амьдарна гэдэг санаанд багтамгүй, тэр дундаа хэн нэгэнд дурласан нэгэнд бол бүр хэцүү. Харин ч тухайн нийгмийн эсрэг сөрөн зогсож зориг гаргасан бүсгүй гэж үнэлэн, олон жил шүүмжтэй хандсан энэ бүсгүйг сэтгэлдээ цагаатгаж билээ. Түүний амиа хорлодог бас аргаүй байж. Үр хүүхдээ золиод хайртай хүнтэйгээ нийлсэн. Гэтэл тэр нь урвахад дээр тэнгэр хол, дор газар хатуу болсон хүн яалтай ч билээ.

Энэ романыхамгийн сэтгэл хөдлөм хэсгүүд бол Левин Китти нарын хайр сэтгэлийн тухай хэсэг. Утга зохиол судлаачид энэ хэсэг Толстойн өөрийн амьдрал түүний эхнэртэйгээ учирсан тохиолд дээр үндэслэн бичсэн гэж үздэг. Левиний дотоод сэтгэл, үзэл бодлыг жигтэйхэн ойрхоноос гаргасан нь тийм дүгнэлтэнд хүргэсэн байж болох. Левин Киттигээс гэрлэх саналдаа үгүй гэсэн хариу аваад хөдөө тосгонд очиж амьдарч байгаа хэсэг надад хамгийн ихээр таалагддаг. Түүний гар хадуураар өвс хадаж буй хэсгийг шинэхэн хадсан өвсний үнэр номноос сэнхийх шиг томруун дүрсэлсэн нь гайхалтай. Базаад хэлэхэд арван тавтай уншсан Анна Каренина гучин хэдтэй уншсан Анна Каренинагаас тэс өөр ном шиг санагдаж билээ. Энэ нь нас явахад амьдралыг үзэх үзэл өөрчлөгдсөний гэрч юм болов уу.

Харин "Дайн ба энх"-ийн хувьд өмнө бодож байсан бодол тэгтлээ орвонгоороо эргээгүй юм. Энэ зохиолд гарах хайр сэтгэлийн асуудлууд тийм ч нарийн ээдрээтэй биш. Харин ч цайлган сайхан сэтгэлтэй гэж үнэлж явсан Пьер Безухов жаахан мангардуу нөхөр шиг санагдаад болсонгүй. Мэдээж хорвоо дэлхийд олон янзын хүн бий, тийм хүнээр гол баатраа хийхэд буруу нь юу байхав. Эргэж уншсан маань уг номыг тухайн үеийн түүхийг сайхан хүүрнэсэн зохиол болж гэсэн шинэ үнэлэмж авчирсан юм байна. Ингээд бодоход энэ хоёр ном олон параллэл санаа агуулсан нь хөгшин залуу хэн ч амтархан унших боломж олгосон юм уу даа.

Sunday, May 10, 2009

Үргэлжлэл...


Өмнөх бичлэгээс болоод Ганга эгчийн үлдээсэн сэтгэгдэлээс үүдээд хэдэн өгүүлбэр холбох гэж оролдоё. Охин маань сургуульд орсон анхны долоо хоногоо амжиттай давлаа гэж дүгнэв. Эхний хоёр өдөр очихдоо жаахан уйлсаныг эс тооцвол аль хэдийн ''It's mine" гээд юм өмчилдөг болоод бас бус хэдэн өгүүлбэр сураад чамлахааргүй олзтой. Харин тав дахь өдөр багш нь охиноо гадуур хувцасаа өөрөө өмсөж сургах даалгавар багш нь өгсөн. Хүүхдүүд өдөр болгон гадаа тоглодог. Гадаа тоглох гээд бүгд хувцасаа өмсөх нь өмсөж арай чадахгүй нь оролдож зогсоход манай охин зүгээр л шууд багшдаа бариад очдог гэж байгаа.
Эргээд бодоход дандаа цаг нарт хавчигдсаар хоёр хүүхдийнхээ алинд нь ч хувцас хунараа яаж өөрөө өмсөж сурах талаар тэвчээр цаг хайрлалгүй зааж яваагүйгээ мэдэв. Нөгөө талаар ийш тийш явах бол хүү хаа алив бушуул, ээ яасан удаан алив би өмсүүлээд өгье ингээд л дуусаа. Хүү маань эмээ өвөөтэйгөө бас гайгүй удаан хамт байсан болохоор тэр хоёр л зааж өгсөн байх. Би өөрөө зааж байснаа санахгүй юм. Бодоод байсан хүүхдүүдийнхээ бие даах чадварыг бас тэрүүхэндээ боогдуулсан байгаа биз.
Ингээд сүүлийн хэд хоног охинтойгоо тулж ажиллав. Цамцаа өмсөөд товчоо товчил гэвэл товч нүх хоёрыг нийлүүлээд базаж базаж тавичихаад товчлогдоогүй байхаар урам нь хугараад ээж товчлоод өг гэнэ. Товчоо ингэж бариад энэ нүхэнд хийгээд гээд хоёр өдөр яаруулалгүй тааваар нь үзвэл бас ч хоосонгүй товчныхоо тал хагасыг өөрөө товчлоод байх юм. Өмд оймс гайгүй (оймс нь хөлийн хуруунд нь тээглэхгүй бол) болж байна. Битүү цамц бол бас хэцүүхэн гэхдээ л оролдож байгаа юм гэсэндээ овоо ахиц гарлаа гэж үзээд байгаа.
Ингээд бодсон хүмүүжлийн маш чухал хэсгийг орхигдуулаад явсанаа ойлгов. Ээж маань дүүгийн хүүхдүүд буруу зөв хувцасласныг тэгэж байгаад сурцгаадаг юм гэдэгсэн. Би болохоор гутал хувцасаа заавал зөв цэмцгэр өмсөх хэрэгтэй гэж өөрөө оролцсоор нөгөө хоёр маань за за ээж мэдэх хойно гээд өөрсдөд нь хамаагүй мэт ханддаг юм байна. Цаашаа бодоод байсан хоол хийх, гэр зуурын ажилд бас л тэднийгээ оролцуулахгүй талдаа. Чухам үр хүүхдээ оролцуулж байж тэд маань гэр орны ажлын зах зухаас сурахгүй бол өөр хаана сурах билээ. Тэгэснээ бас заримдаа ийм том болчихоод ингэж чадахгүй энэ тэр гээд шүүмжлэнэ гээч. Ингээд хоол хийхдээ хүүгээ хажуудаа жижиг сажиг ажилд туслуулаад хоол хийж байгаагаа харуулдаг болов. Нөгөө талаар хүүтэйгээ элдэв сэдвээр яриа өрнүүлж бас юу бодож санадагийг нь мэдэх боломж гардаг юм байна. За даа юм мэддэг хүн ичмээр дамшиг даа гэдэг шиг хүүхдийн хүмүүжлийн наад захын асуудлыг орхигдуулаад хоёр ч хүүхдийг олноос хоцроожээ би.

Wednesday, May 6, 2009

Жижигхэн сурагч


Номхон морио унаад аа
Номтой цүнхээ үүрээд ээ... гэсээр гурван настай охин маань сургуульд оровоо. Англид хүүхдүүд гурван нас хүрээд өдөрт 2 цагаар сургуулийн бэлтгэл ангид сууж эхэлдэг юм байна. Хэдэн өдрийн өмнөөс ярьж хэлж тайлбарлах гэж оролдов. Өөрөө болохоор "Би сувуулд явнаа" гээд л байсан анхны өдрөө аавыгаа дагаж жаахан уйлсан сурагтай.
Сургуулиас өгсөн гарын авлагад хүүхдээ аль болох бие дааж сургахыг хичээх хэрэгтэй, хувцасаа өөрөө өмсөж тайлахыг заах, бичсэн нэрээ хараад таньдаг байх гэх зэрэг олон юм чаддаг болох юм байх. Аа тийм бас долоо хоногт нэг удаа биеийн тамирын хичээл орно, цаг агаар ямар ч байсан хагас цаг гадаа тоглуулна гэсэн байх юм. Бас багштайгаа " Good morning Miss Vaughan" мэндэлж сурах хэрэгтэй гэсэн хэлүүлэх гээд ядчихсан. Яваандаа сурах юм байлгүй. Өө тийм хичээл тасалж болохгүй, ирээгүй тохиолдолд учир шалтгаанаа бичгээр мэдэгд гэсэн байсан шүү.
Манай охин хувцасаа тайлахдаа гайгүй ч өмсөх гэж жаахан оролдож байснаа хэцүү байвал залхуураад хушуугаа цорвойлгоод суучихна. Залхуу талдаа нөхөр байгаа юм гэсэн. Биеийн тамирын хичээл дээр яаж хувцасаа солино доо гээд ээж аав нь санаа зовсон улс сууж байна.
Ямар ч байсан эхний хоёр өдөр элдэв гомдол ирсэнгүй. Оройд ядраад эрт унтахаас өөр өөрчлөлт мэдэгдсэнгүй. Сургууль сайхан гээгүй ч бас явахгүй гэсэнгүй ээ. Ингээд охин маань сургуулийн дансанд бүртгэгдээд дор хаяж хориод жил (дээд сургууль орно гэж ээж нь тооцоолов) сурагчийн ширээнд уягдах нь энээ.

Monday, May 4, 2009

Ногоон эрхий

Хэн нэгнийг ногоон эрхий хуруутай хүн (has a green thumb) гэвэл сайн цэцэрлэгч гэсэн утгатай үг аж. Анх Клайв Оуэний тоглосон Ногоон эрхий гэдэг кино үзэж энэ үгтэй танил болсон юм байна. Их хөөрхөн кино байж билээ. Өнөөдөр яагаад ногоон эрхийний тухай бичмээр санагдсаны учир энэ нутагт ирээд өнгөрөөж буй анхны хавар содон гоё байгаагийнх юм болов уу. Миний дүгнэснээр энэ нутгийнхан бүгдээрээ ногоон эрхийтэй улс шиг. Ийм олон янзын цэцэг мод нэг зэрэг цэцэглэж алаглаж байсныг хараагүй санагддаг. Хэлсэнээ батлах гэж хэдэн зураг оруулав.