Friday, January 23, 2015

Сүүний асуудал

Бага охин 9 сар хүрээд хэд хонов. Сүүлийн үед сүү уух дургүй талдаа орой унтахынхаа өмнө бас өглөө үүрээр жаахан уухаас цаашгүй. Ийм үедээ хүүхэд өдөрт 3 удаа хоол, 2-3 удаа жижиг зууш идэхээс гадна 600 мл сүү уух ёстой гэнэ. За тэгээд хөхний сүү багасч байгаа юм чинь гээд хүүхдийн сүүгээр угжих юм болов. Ёстой тийм юм байхгүй шүү гэнээ. Нэгд энэ угж гэдгийг чинь ёстой амандаа хийхгүй гээд нумарчихна. За тэгвэл зүгээр аяга, халбагаар сүү өгье гэсэн хүүхдийн сүү уухгүй гээд өөдөөс огьж энэ тэр. Тэгэж байгаад дасах юм болов уу гээд бараг сар боллоо ер дээрдсэнгүй ээ. Бүр багад нь бага сага угжиж байхгүй дээ гэж бодож сууна даа.
Угжны соосгонд нь чихэрлэг юм түрхэж үзэв, сүүнд нь чихэр жаахан уусгаж үзэв ёстой ярихгүй л гэнэ. Гээд энэ хүүхдийн сүүний үнэр бас нэг бишээ. Омэга 3 аар баяжуулсан бололтой юмдаг уу, жаахан загасны тосны үнэртэй. Түүнд нь дургүйлхээд байдаг юм уу мэдэхгүй. Өөр брэндийн сүү туршиж үздэг юм уу.
Харин өглөө хүүхдийн сүүнд каш найруулаад өгөхөөр жаахан идчихдэг юм. Ингээд өглөө каштай 200 орчим мл сүү, орой өглөө хоёр хөхний сүү хэдий хэмжээтэй нь мэдэгдэхгүй уугаад л болж байна. Илчлэг эсвэл элдэв эрдэс, витамин дутах вий гэж санаа зовж л сууна.
Тэгсэн хэрнээ ус, үхрийн сүүг бол өөрөө хошуутай аягаараа сайн уудаг юм. Үхрийн сүү ой хүрээгүй хүүхдэд болохгүй гэхээр нь их өгөхөөс зүрхшээгээд байгаа. Дээр нь бас сүүний харшил байна уу гэсэн сэжигтэй. Уг нь тараг бяслаганд их дуртай, харин дараа нь жаахан яр гарах шинжтэй айлгаад байх юм. Энэ харшил нээрээ ёстой хэцүү эд юмаа.

Friday, January 16, 2015

Эмээ бид хоёр


Нартай халуун өдөр эмээ бид хоёр гэрийн сүүдэрт суугаад чулуу таалцаж тоглоно. Би тэгэж л тоо бодож сурсан, хэдтэй байснаа санадаггүй, гурав дөрөвтэй байсан юм болов уу?
Эмээ надаар оньсого таалгана. Миний л мэдэхийн эмээ хамгийн олон бөгөөд сонин оньсого мэддэг хүн. Олон оньсого мэдэх мөртлөө ганцxан "Бэтэгтэй бор бялзуухай" гэдэг үлгэр мэддэг гэдэгсэн.
Эмээ надтай дэлгүүр болж тоглоно. Тэр үед талоноо модонд ил гаргаж хадаасанд хатгаж цуглуулдаг байсан даа. Эмээ надад яг дэлгүүрт байсан шиг хадаас модонд хадаж өгнө. Тэр нь нэг хэсэгтээ л миний хамгийн дуртай тоглоом байв.
Хөдөө аав ээжтэйгээ байхад эмээ надад хөлдөөхгүйн тулд хөвөнд нямбайлан боосон алим явуулдаг байв. Тэр алимны үнэр үнэн тансаг.
Хоёулаа хамт байхад эмээ надад орос дэлгүүрээс 5 төгрөгний шоколад өдөр болгон нэгийг авч өгдөгсөн. Яаж орос дэлгүүрт ордог байсан юм бол доо хөөрхий. Хүн амьтан гуйдаг л байсан байх даа. Аа тэгээд усан үзэм таарвал заавал аваад хөнгөн цагаан тавганд хийж орны өмнө тавьж эрхлүүлдэгсэн.
Би тав орчим настай байсан юмдаг уу, гадаа түүхий боргоцой зарж байхыг харчихаад авна гэж дээ. Эмээ баахныг аваад чанаад бүгдийг нь цөмөөд тавганд хийж өмнө минь тавьж билээ.
Тээр жилийн зун манайхан бүгд амарчихаад хэдэн өдөр нийлж шагай тоглосон хүүхэд насны хамгийн гоё дурсамж. Том хүн, хүүхэд нийлж байгаад бөгцөг нясална, шагай шүүрнэ. Тэр олон дунд эмээг хожих хүн байхгүй. Нагац ах би одоо ээжээс том гартай хэрнээ ээжээс олон шагай шүүрч чадахгүй л байгаа юм даа гэж тоглой сэгсрэх. Эмээ гарны том жижиг хамаагүй ээ эвийг нь олох хэрэгтэй гээд инээдэгсэн. Бөгцөг няслахад эмээд дөхөж очих хүн булхайцаад ч байхгүй ккк.
Эмээ хүн өнгөлөг бас цэвэрхэн явах хэрэгтэй гэдэг юм. Эмээгийн танилууд хөршүүд эмээг гоё эмээ гэх. Өөрөө юмны донж олохдоо гаргуун. Хүмүүс эмээг охидоосоо гоё харагддаг гэдэг нь үнэн.
Эмээгийн хийсэн хоол амттай. Эмээтэй өссөн хүүхэд бүр хоолонд дуртай бас голомхой болж өсдөг. Бас л амтлагч энэ тэр ихдээ биш тохируулж байж сайхан амттай болно шүү дээ гэх. Бага ангид байхад бүтэн сайны өглөө жижиглэж хуурсан махаар хачирласан омелет хийж дайлдагсан.
Тээр жил эмээ хилийн заставд тогооч хийж байхад Арвай генерал шалгалтаар ирсэн гэдэг. Говьд хүн дайлах нарийн нандин юусан билээ. Эмээ харин хонины гэдэс цул мах оролцуулаад маш олон янзын хоол хийж генералыг дайлж л дээ. Генерал дараа нь би олон хүлээн авалтанд орж явлаа ийм сайхан хоолтойг үзсэнгүй гэж магтаад за танд хүсэх юу байна гэсэн гэдэг.
Эмээ намайг оюутан байхад хоёр ч удаа хүний газар дагаж явсан. Яах юу байхав, хүүг маань өсгөлцөх гэж. Тэрийгээ муу охиныхоо буянаар олон газар үзсэн гэж ярьдаг.
Эмээ хэдий биднийг юмаар дутаадаггүй ч хатуу үедээ хатуу. Тэрнийх үү би дэл сул үгэнд унаж гутардаггүй, үг даадаг хүн болж өссөн. 
Миний эмээ жинхэнэ шүтэгч. Сүм хийд ороод юм гуйдаггүй зөвхөн буян хийж, өөд болсон гэр бүлдээ ном уншуулж, хурал даган баясдаг. Мэрэг төлөг гэж яваа хүнд тааруу. 
Эмээ миний мэдэхийн юманд үнэн сэтгэлээсээ ханддаг. Өгвөл өгсөн шиг өгдөг, тус болъё гэж бодвол чадлаараа л, үгүй бол үгүй ээ гээд түс тас хэлчихдэг. 
Тийм л эмээ. Миний эмээ хөөрхөн...

Friday, January 9, 2015

Мартахаасаа өмнө

Өнөөдөр нэг цахим хуудсан дээр золбин нохойн тухай бичсэнийг уншаад дээхнэ нэг малын эмчийн яриа сонсож байснаа санав. Золбин нохдыг цөөрүүлэх хамгийн үр дүнтэй арга химийн аргаар үржлийг нь зогсоох гэсэн. Агнаж буудахад тоо толгой бага зэрэг цөөрөх боловч хамгийн сэргэлэн амьдрах чадвартай шилэгдэж амь гараад асуудал дээрдэггүй гэж байсан. Өөрөөр хэлбэл байгалийн шалгарлын хууль үйлчилнэ. Тоо толгой цөөрөхөд бас хоол хүнсний олдоц их болно, шилэгдсэн ноход үржинэ, хүнсний дутагдал үгүй болохоор үр төл хоргодохгүй сайн бойжино гээд асуудал зөндөө байдаг юм билээ. Зүүн өмнөд азийн нэг оронд өөрөө ийм төсөл дээр ажиллаж байсан хүн юм билээ. Манайхан ч гэсэн бодууштай.

Wednesday, January 7, 2015

Solidarity


Шинэ он гараад долоо хоночихжээ

Нэг мэдсэн… Ойрд охин маань шөнө олон сэрээд ээж аав нь өдөртөө сэрүүн ч биш үгүй ч биш байдалтай өдөр хоногийг өнгөрөөж байна даа. Том хүү 4 сар хүрээд л шөнө сэрэхгүй таг унтдаг байлаа. Том охин ах шигээ сайхан унтахгүй ч бас энэ бага шиг арай бишээ. Хөгшин хүний хүүхэд тийм байдаг бололтой, дуу чимээ андахгүй, жижиг сажиг ямар ч юм байсан сэрнэ, нэг сэрчихвэл унтахгүй удна, удахдаа зүгээргүй чангаар орилно. Шөнө заримдаа уур хүрнэ. Өглөө босоод өнөөх чинь нээх хөөрхөн инээгээд намайгаа хайлуулж орхино. Ингээд өдөр хоногийг амьдрах биш зүгээр л амьдрах гэж тэмцэж (survival mode) байтал зул сар, шинэ жил болоод өнгөрчихжээ хөөрхий.
Энэ жил нэг их олон юм төлөвлөөгүй байна. Ямар ч гэсэн охиноо аль болох том болгож байж ажилд орох санаатай. Тэгээд л өдөр хоногийг чигчийхэн чинээ гэж дуулсан шиг өнгөрөөж байна даа.
Та бүхэн сайхан баярлаж, шинэ оноо гоё угтацгаасан биз дээ?
Энэ жилийн зул сар бусад жилийг бодвол чимээгүй нам тайван болж өнгөрөв. Уг нь бол хар хүний эгч дүүгийнхэн бүгд нийлээд бужигнадаг юм л даа. Тэгээд олон хүнийг хооллох ундлах ажил хадам ээж дээр бууна, өөрөө тэрэндээ бас дуртай л даа. Бас бус янз бүрийн шалтгаанаар энэ жил хадам ээж охиныдоо зул сар өнгөрөөгөөд шинэ жилээр манайд ирсэн юм. Хормогчоо цүнхлээд л ирдэг юм нээх хөөрхөн. Бидэн шиг харьж чадаагүй испани гэр бүлийнхэнтэй шинэ жилээ он солигдох мөчид 12 ширхэг усан үзэм цагийн хонх цохих тоогоор идэж угтав. Тэдний заншил, аз хийморь бэлэгддэг юм гэнэ.
Зул сарын баяраар хүүхдүүдээ баярлуулаад хар хүн бид 2 гэртээ суурин дугуй авахаар болов. Багад маань нэг иймэрхүү хайрцаг л байхад болох шинжтэй, бусад тоглоом жаахан үзэж байгаад орхисон.


Энэ жил охины хагас сайнд явдаг франц сургуулийн зул сарын баярт очсон юм байна. Тэднийх ирсэн бүх хүүхдүүдэд насанд нь таарсан хөөрхөн бэлэг өгдөг юм билээ. Манай хоёр их баяртай байсаан. Томчууд нь хоол хийж ирээд түүгээрээ уралдана, бас сугалаа, янз бүрийн бэлэгтэй тоглоом тэмцээнтэй ер нь хүүхдүүдэд тун зугаатай баяр болсон. Баярлах сайхан ч дараа нь гарах хог хаягдал аймаар их юмаа.
Гэртээ ингэж амрах бас зүгээр ч дандаа бороотой хүйтэн бүрхэг болохоор сэтгэл санаа тиймэрхүү байх юмаа. Хойтон чадвал дулаахан нартай газар явах юм шүү гэж занаад сууж байна. Канарийн арлууд, Куба, Итали гээд мөрөөдөөд л сууна. Ойрд Мөрдөн байцаагч Монталбано гэдэг италийн олон ангит кино үзэж байгаа, Сицилид очих юм шүү гэж төлөвлөөд байгаа. Нэг их халуун биш ч гадаа наранд суугаад кофе оочлох боломжтой газар байхад надад болох юм.



Ноднин ажлаар 11 сард Сингапур орсон дэндүү халуун юм билээ. Сингапур бүү хэл манай монголд халаалт ирсэн үед дотор бас айхавтар халуун шүү тээ? Куба ч нэг их сэрүүн юу байхав, америкчууд хоригоо цуцалж байгаа болохоор удахгүй үнэ өсөх байх гэж бодоод тэр. Бид 10 сард хоёр охиноо аваад харьсан юм. Гурвуулангийн хөлс гоожоод унтаж чадахгүй баларсан. Хүү өвлийн амралтаараа харьсан байгаа. Бас л халууцаад сандарч байгаа сурагтай. Манайх өвөлдөө гэртээ 13-15 градус орчим, дулаахан үедээ 16-17 байдаг. Даардаг ч гэсэн бас дасдаг бололтой.
Энэ хүүхэд гайгүй унтдаг болтол би ч нэг их цаг хугацаа зарсан бичлэг хийж чадахгүй нь бололтой. Дээр ийм юм бичих юм байна гээд санаагаа ганц хоёр үгээр бичсэн жагсаалт хийсэн юм. Эргээд харсан чинь юу бодож бичсэнээ мартаасаг. Харин туршиж үзсэн хэдэн хоол ундны тухай бичлэг хийх юм байна. Мэргэжлийн ганц хоёр юм бий, тэрийг бол нэлээн сууж байж гаргах байх. Тэгэж байтал байдал дээрдэх байлгүй дээ. За тэгээд та нар минь л сайн бичээд байгаарай, уншихыг бол харин алгасдаггүй юмаа.