Sunday, November 22, 2015

Түргэн хоолонд донтож болох уу?

(Таргалалт болоод түргэн хоолны талаар бичиж байгаа ухаантай. Тэрнээсээ хэсэгчлэн оруулав.)
Сайхан хоол идэх амьдарлын сайхан мэдрэмжүүдийн нэг. Бидний хувьд наадмын хуушуур, битүүний бууз, зуны хорхог гээд бодох бүрд идмээр санагддаг хоол олон бий. Сүүлийн үед дэлхийн олон оронд хүмүүс түргэн хоолонд дуртай болсон. 1950-иад оны үед АНУ-д гадуур хооллож байгаа хүмсүүсийн 4% нь л түргэн хоол иддэг байж. 1994 онд энэ тоо 34% болж нэмэгджээ. Өнөө өдөр бүр америкчуудын 30% нь түргэн хоолны газар хооллодог бөгөөд МакДоналдс өдөрт 46 сая америкчуудыг хооллодог гэсэн тоо байх юм. Америкчуудын хувьд түргэн хоол бидний хувьд бууз хуушуур шиг байр эзэлдэг юм биз гэтэл дэлхийн олон оронд түргэн хоолны хэрэглээ өссөөр л байгаа. Хөгжингүй орнуудад түргэн хоол хямд учраас хэрэглээ нэмэгдэж байна уу гэтэл хөгжиж буй орнуудад (манайх бас энд орно) түргэн хоол тийм хямд байж чадахгүй. Наад захын жишээ манайд KFC-д хооллох, хэдэн бууз юм уу хуушуур аваад идчих үнийн хувьд том ялгаатай. Эрүүл хооллолтоос тэс хол, тэгээд үнэтэй түргэн хоолонд хүмүүс яагаад дурлаад байна вэ? Түргэн хоолонд дурлах нь нэг төрлийн дон болчихсон гэсэн үг үү?
Хүний тархи, мэдрэлийн эсний сүлжээнд сэтгэл ханамж маш чухал үүрэгтэй. Чихэр идэх, бэлэг авах гэх мэт үйлдлүүд тархинд сэтгэл ханамжийн дохио өгөгч үйлдлүүдийн жишээ болно. Энэ сэтгэл ханамж авах үйлдэл хүний амьдралд чухал үүрэгтэй юм. Үүнтэй холбоотой нэг жишээ дурдъя. 2007 онд таргалалтын эсрэг римонабант хэмээх эм туршигдсан юм. Энэ эм канабинойдын эсрэг үйлчилгээтэй бөгөөд ерөнхийдөө сэтгэхүйн урамшуулал, сэтгэл ханамж авах чадварыг хаадаг. Өөрөөр хэлбэл хэрэглэсэн хүн хоол идэхдээ таашаал авах чадвар буурна, тэр хэмжээгээр хоол идэх дуршил багасна, жин хасна гэсэн үг. Туршилтанд оролцогчид ихэнх нь амжилттай турсан боловч нийт оролцогсдын 20%-д нь сэтгэцийн таагүй үйлчлэл илэрсэн юм. Ихэнх тохиолдол сэтгэлийн гүн гутрал хямрал байсан бөгөөд амиа хорлосон тохиолдол ч хэд гарчээ. Ингээд энэ эм батлагдаж чадаагүй.
Хүний тархины суваг судлууд ерөнхийдөө сэтгэлийн ханамж, таашаал авах зорилоготой програмчлагдсан байдаг. Дээрх жишээгээр энэ таашаал үгүй болчихоор амьдрах сонирхол үгүй болчихно. Таашаал үгүй бол хоол идэх сонрихол үгүй, үр удмаа үлдээх нөхөн үржих үйлдэл үгүй гээд тоочиж болно л доо. Энэ нь мөн л байгалийн шалгарлын үр дүн гэж хэлж болох юм. Үүний сүүдэртэй тал нь архи, тамхи, хар тамхинд донтох чадвар.
Хүний тархины таашаал урамшууллын систем хоорондоо холбоотой тархины хоёр хэсгээс тогтоно: ventral tegmental area (VTA), nucleus accumbens (NA; таашаал авах төв ч гэж бас нэрлэдэг). Таашаалтай мэдрэмж дээрх системд допамин ялгарч хүртэхүй рэцэптортэйгээ холбогдоход төрнө. Допамин рэцэптор нь таашаалтай мэдрэмжийн цоож түлхүүр гэж ойлгож болно.
Хоол идэх нь таашаал авах нэг л суваг/үйлдэл юм. Энэ энергийн төлөв байдал нэг их чухал биш харин дуртай хоолоо идэж таашаал авах хүсэл илүү чухал. "Зөндөө идээд цадсан байгаа ч тэр бялуу яасан сайхан харагдаж байнаа" гэсэн бодол. Гэхдээ энэ суваг зөв ажиллаж байгаа үедээ цатгалан байгаа учраас тавагтай хоолоо дуусгах хэрэггүй шүү гэж бас сануулдаг. Ямар нэг байдлаар гажсан тохиолодолд харин дуртай юмаа зогсоо зайгүй идэх үйлдлийг дэврээж таргалуулах эрсдэл бий.
Лабораторид хулгана харх мэтийн мэрэгч амьтад амттай (жигнэмэг мэтийн чихэр тос ахиу) тэжээл идэхэд допамин ялгарч байгаа учир таашаалтай мэдрэмж төрнө. Энэхүү таашаалтай мэдрэмж авахын тулд дээрх мэрэгч амьтад дахин дахин иддэг. Эндээс хийсэн 3 ажиглалт:
1. Допамин ялгаруулах үйлдэл бүхэн таашаалтай мэдрэмж төрүүлнэ.
2. Допамин биеэс зайлуулагдахад таашаалтай мэдрэмж үгүй болно.
3. Таашаалтай мэдрэмж ихээр төрөх нь тархи мэдрэлийн системийн мэдрэх чадварыг допамины рэцэпторын тоог цөөрүүлэх замаар ихэсгэнэ. Допамины рэцэпторын тоо цөөрөхөд ижил хэмжээний таашаал авахын тулд илүү их допамин хэрэгтэй болдог. Илүү их допамин ялгаруулахын тулд таашаал өгч байгаа үйлдэл илүү их шаардлагатай. Өөрөөр хэлбэл илүү олон жигнэмэг идэх хэрэгтэй гэсэн үг. Энэ нь аливаа юманд донтох зам юм.
Энэ утгаараа хүн идэхийн дон, архи тамхинд донтохтой адил тусч болох юмаа гэсэн дүгнэлт хийж болох нь. Донтолт юу гэдгээсээ хамааралгүй нэг л сувгаар бий болдог учир нэгэнт энэ суваг идэвхжсэн бол өөр юманд дурлах донтох амархан болдог. Наад захын жишээ; архинд автсан хүн болихоороо тамхи их татдаг ч юм уу, тамхинаас гарсан хүн чихэр идэх, бохь зажлах нь ихэсдэг гэх мэт.
Энд дахиад лэптин инсулиний оролцоо бас бий. Жирийн төлөв байдалд хүн хангалттай хоол идсэний дараа лэптиний дохиолол цадсаныг мэдэгдэхээс гадна тархинд допамин ялгаруулахаа зогсоо гэсэн мэдээлэл дамжуулдаг. Харин хүн хэт тарган бөгөөд лэптин мэдрэх чадвар муу бол яах вэ? Лэптиний дохиолол ажиллахгүй бол допамины үйлчилгээ үгүй болохгүй, хоолны дуршил буурахгүй. Тархинд өлсгөлөн бас таашаал авах хүсэл байхад ердөө тэвчээр заагаад хоолоо хасчихна гэж бодох нь арай гэнэн үйлдэл биш гэж үү.
Инсулиний оролцоо энд бас бий. Инсулин тархинаас допамин зайлуулах үүрэгтэй. Хооллох үед инсулиний төвшин нэмэгдэх нь бас л таашаал авах процессийг бууруулж, хүн "би цадсан байна, хоол нэмэх шаардлага алга" гэж боддог. Тарган хүний инсулин мэдрэх чадвар муу, тэгэхлээр нөгөө таашаал авах хүсэл сонирхол буурдаггүй ээ л гэсэн үг.
Инсулин, лэптин мэдрэх чадвар муу байх нь зөвхөн хоолны дуршил нэмэх биш бүр амттай хоол (чихэрлэг, тослог) идэх хүслийг улам нэмдэг байна.

Sunday, November 15, 2015

Зүүдэнд ч оромгүй явдал

Ингэсийн, төрөх дөхсөн найз хүүхнээ завгүй болохоос нь өмнө гээд гэр бүлтэй нь өдрийн хоолонд урьсан юм. Өнөө хэд ч ирэв, найз маань орж ирэхдээ сая замд жаахан базлаад гэсээр. Уух юм энэ тэр болоод ширээнд суух цагаар өнөөх чинь энэ ерөөсөө болохоо байлаа гэж байна. Эмнэлэг явъя даа гэсэн би явж чадахгүй нь түргэн дуудаач гээд. Түргэн ч ирэв, түргэний машинд хүрч чадсангүй манайд төрөв. Базалж эхлээд ердөө цаг хагасын дотор бүх юм болоод өнгөрөх шив.
Өөрөө үзсэнээс хүн төрөхийг үзээгүй би овоо сандрав. Сандарсан ч бас нөгөөдүүлээсээ арай дээр байсан юм байх. Шинэ хүнийг ээжтэйгээ эмнэлэг явахад нь хамт явлаа. Золоор тэр хоёр маань ямар нэг хүндрэлгүй, хурдан яс салсан. Янз бүрийн юм болсон бол балрахгүй юу. Шинэ төрсөн хүү миний охины нээх том малгай ванны алчууранд өлгийдүүлээд явсан.
Эмнэлэг дээр байж байгаад харихаар машинд суусан гэнэт аймаар их өлсөж цангаснаа бас ядарсанаа мэдрэв. Өдрийн хоолоо ч идээгүйгээ санав. Иймэрхүү итгэмээргүй юм бас болдог л юм байна.

Wednesday, November 4, 2015

Гурил, цагаан будааны хэрэглээ

(хүсэлтийн хариу)
Гурил, цагаан будаа бага хэрэглэ гэдэг болсон байна, энэ талаар бичлэг оруулж өгнө үү гэсний дагуу хэдэн үг бичээдэхье. Дээхэн үед цагаан будааны хэрэглээ, чихрийн шижин өвчний хамаарын тухай нэг жижигхэн бичлэг хийсэн байгаа.
Хүний иддэг хүнсний гурван бүрэлдэхүүн хэсэг нь өөх тос, уураг, нүүрс ус юм. Хүний бие элдэв доголдолгүй зөв ажиллахад энэ гурав гурвуулаа чухал. Бидний идсэн хоол хүнс бодисын солилцоо, энерги шилжих процессоор эхлээд ходоодонд, цаашлаад нарийн гэдсэнд задарч, гэдэсний ханаар шимэгдэж, цусаар дамжин элгэнд хүрдэг. Элэг өөх тоc, уураг нүүрс усыг (энэ үед задраад глюкоз, фруктоз хэлбэрээр байна) тухайн үеийн энергийн шаардлага бас бус нөхцөлийг харгалзан үзээд зарцуулж ("шатаах") эсвэл өөхөн нөөц болгон хадгалдаг. Хүний үгүй ер нь л амьд организмын  энергийн тэнцвэр бол амьд явах баталгаа шүү дээ. Энерги дутвал амьдрал байхгүй, тиймээс хүний бие энергиэ нөөцлөх их дуртай. Нөөцөлсөн энергиэ зарахдаа маш хойрго. Гарч орж байгаа энергийн тэнцвэр нэг их хэлбийхгүй бол хүний бодисын солилцооны үзүүлэлтүүд сайн, эрүүл байна гэсэн үг. Илүүдэл маань таргалуулна, таргалах нь бодисын солилцооны доголдол эмгэгтэй хамааралтай байдаг (дандаа биш). Бодисын солилцооны эмгэгт чихрийн шижин, цусны даралт, зүрх судасны өвчин ордог.
За өөх нөөцлөх гол үүргийг хүний биед инсулин гэх даавар биелүүлдэг. Хүмүүс инсулинийг чихрийн шижинтэй холбож цусны глюкозны хэмжээ бууруулах төдий үүрэгтэй гэж боддог ч хүнийг өөхлүүдэг гол тоглогч нь энэ юм.
Хоол идсэний дараа цусан дахь нүүрс ус, өөх тос, уургийн хэмжээ нэмэгдэхэд нойр булчирхай инсулин ялгаруулна. Инсулин илүүдэл өөх тос, уураг, нүүрс усыг нөөц болгон цуснаас зайлуулна. Цусан дахь хэмжээ их байх өөрөө өвчний шинж тэмдэг шүү дээ.
Инсулиний хэмжээ хүний биеийн жингийн индэкстэй хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл инсулин их байх тусам хүн тарган байна гэсэн үг. Инсулин өөхөн нөөц бий болгогч болохоор мэдээж тийм. Инсулиний хэмжээ хүний бодисын солилцооны эрүүл мэндийн чухал үүүлэлт юм. За одоо гурил будааны хэрэглээ энд ямар хамаатай вэ гэхээр, гурил будааны гол бүрэлдэхүүн нь цардуул. Цардуул нь олон глюкозноос тогтсон нийлмэл чихрийн молекул. Гурил будаа ходоод гэдсэн амархан задарч (шингэц сайн гэж хүмүүс сайшаах нь бий), цусан дахь глюкозны хэмжээг огцом өсгөдөг. Цусан дахь глюкозны хэмжээ огцом өсөхөөр инсулиний хэмжээ огцом өснө. Огцом өссөн инсулин глюкозыг нөөцлөөд цаана нь өшөө юу байна гэж хайхаар хүн өлсдөг. Тэгэхээр хүнийг их идүүлэх нь. Ингээд инсулин ихээр биед яваад байх нь тийм сайн биш. Эсүүд инсулиний их хэмжээнд дасан зохицохын тулд инсулиний рэцэпторын тоогоо цөөлчихнө. Үүний дүнд хүний инсулин мэдрэх чадвар доройтно. Инсулин мэдрэх чадвар муудахаар цуснаас глюкоз зайлуулахад илүү их инсулин хэрэгтэй болно. Ингээд удаан явбал нойр булчирхай ачааллаа дийлэхгүй инсулин нийлгэжүүлэх чадалгүй болно. Чихрийн шижин өвчин ингэж эхэлдэг.
Зүгээр гурил бидаа ч биш ер нь инсулин огцом өсгөх хүнсийг аль болох бага хэрэглэх, хэрэглэсэн тохиолдолд муу нөлөөг нь бууруулж чадах эслэг ихээр агуулсан ногоо жимс ихээр хэрэглэх хэрэгтэй л дээ. Эслэг нарийн гэдэсний хананд шүүр маягийн давхраа бий болгоод нүүрс ус, уураг, өөх тос шимэгдэх хурдыг сааруулдаг. Ингээд хурд саарахаар инсулиний хэмжээ огцом өсөхгүй, элэг, нойр булчирхайн ачаалал нэмэгдэхгүй гэсэн үг. Ингэхээр бүтэн үрийн гурил, будаа хэрэглэх нь зүгээр, учир нь бүтэн үр хивэгний эслэгээсээ салаагүй байдаг.
Сүүлийн үед хүнсний хэрэглээний зөвлөгөө нөгөө нүүрс ус голдуу байх пирамидаа болиод, хоолны 1/4 нь цардууллаг нүүрс ус, 1/4 уураг, үлдсэн нь эслэг агуулсан ногоо жимс болж өөрчлөгдсөн байна лээ шүү.
Ийм учиртай. Будаа их хэрэглэдэг азийн орнуудад их бага идсэнээс хамаарч чихрийн шижин өвчний эрсдэл хэлбэлздэг. Ногоо бага хэрэглэдэг монголчуудын хувьд бас бодох л асуудлын нэг.
Нэг их сунжирсан юм болчихов уу. Асууж тодруулах юм байвал сэтгэгдлээр үлдээнэ бизээ.

Tuesday, November 3, 2015

Охидын шилжилтийн нас эрт эхэлдэг болсны учир юу вэ?

(өмнөх бичлэгтэй холбоод)
Хүүхдүүдийн таргалалтын асуудал судалдаг хүмүүсийн анхаарлыг татаж байгаа нэг асуудал бол охидын шилжилтийн нас эрт эхэлдэг болсон явдал бөгөөд энэ нь ямар нэг хүрээлэн байгаа орчны хүчин зүйлтай холбоотой байх магадлалтай юм. Угаaсаа үндэстэн харгалзахгүйгээр охидын хөхний булчирхайн хөгжил эрт эхэлдэг болсон. Европ гаралтай охидын 10%, Африк гаралтай охидын 23%, Латин Америк охидын 15%-д нь 7 настайд эхэлдэг гэнэ. Шилжилтийн нас эрт эхлэх үзэгдэл зөвхөн охидынх, хөвгүүдэд ийм шинж тэмдэг илрээгүй.
Дээр дурдсан жишээтэй адилаар охидын шилжилтийн нас эрт илрэх шинж тэмдэг хүрээлэн байгаа орчин дах эмэгтэй бэлгийн даавар эстрогений тархалттай хамаатай байж болох уу? Сүүлийн хэдэн зуун жилийн турш охидын шилжилтийн нас эхлэх цаг урагшилсаар байгаа. Үүнийг хоол хүнсний олдоц сайжирсантай холбож тайлбарладаг. Биеийн жингийн индэкс (БЖИ) өндөр байх нь шилжилтийн нас эрт эхлэхтэй шууд хамааралтай. Шилжилтийн нас асар их энерги шаардах процесс учир хангалттай нөөц шаардлагатай. Ингээд бодвол таргалалт шилжилтийн насыг эрт эхлүүлж байж болох. Цаашлаад, маш идэвхтэй хөдөлгөөнтэй, ачаалалтай  гимнастикаар хичээллэдэг, балетийн сургуулийн охидын шилжилтийн нас ачааллаа багасгахаас наана эхэлдэггүй. Түүнээс гадна эдгээр охидын намхан байдаг. Энэ бол лэптиний дохиоллын дутагдлын шинж (лэптин нийлэгжих өөхөн эд маш бага учраас), тиймээс лэптин үгүй бол шилжилтийн нас бас үгүй.
Хүүхдийн эндокринологийн эмч Робэрт Лустиг "Чихрийн тухай гашуун үнэн" номондоо нэг ийм жишээ дурдсан байна:
"Таван настай Рэбэкка охин ганцxан жилийн дотор 9 кг жин нэмж, хөхний булчирхай нь товойж эхэлсэнд ээж нь зовж эмчид үзүүлжээ. MRI скан бусад шинжилгээгээр тархины хавдрын шинж тэмдэг олсонгүй. Шилжилтийн насны шинж тэмдэг эрт илэрсэн тул дааврын нарийвчилсан шинжилгээгээр эстроген даавар цусанд нь байсангүй. Ээж охин хоёртой тулаад их удаан ярилцваас ээж нь охиноо Victoria's Secret дэлгүүрээс авсан ванны хөөстэй усанд оруулдагийг тогтоожээ. Уг хөөсний саван дээр том үсгээр "зөвхөн насанд хүрэгчид хэрэглэнэ" гэсэн анхааруулга байж. Энэ ванны хөөс ургамлын гаралтай эстроген агуулаж байх магадлалтай бөгөөд, ванны хөөс хэрэглэхээ зогсмогц охины жин хэвэндээ, хөхний хөгжил бас зогссон байна."
Дэндүү бага насанд эхэлсэн шилжилтийн насны шалтгаан юу вэ? Энэ хариулахад ярвигтай асуудал. Яагаад гэвэл нэгд, хөхний хөгжил үнэхээр шилжилтийн нас эхэлж байгаагийн шинж тэмдэг мөн үү гэдэг нь тодорхой биш, хөхний хавиар байгаа өөхөн эд хөх ургаж байгаа юм шиг харагдуулж болох уу? Нөгөөтэйгүүр, эстрогений нөлөөгөөр хөхний хөгжил эхэлж байгаа бол тэр эстрогений эх үүсвэр юу вэ?
Хөхний булчирхайн хөгжлийг эхлүүлэх эстрогений 3 эх үүсвэр бий. Нэгд, өндгөвч, өнчин тархинд лэптиний дохиолол хүрсэнээр шилжилтийн нас эхэлдэг энэ бол байгалийн жамаар шилжилтийн нас эхлэх механизм. Хоёрт, өөхөн эс эстроген нийлэгжүүлэх чадвартай. Тиймээс тарган байх тусам эстрогений төвшин өндөр байна. Энд эрчүүд ч бас хамаарна (тарган эрчүүдийн хөх том байх нь цусан дахь эстрогений төвшин өндөр байгаатай холбоотой). Гуравт, орчин тойронд байгаа эстроген, болоод түүнтэй төстэй бодисууд хөхний хөгжилд бас жин нэмэхэд нөлөөлж болно (янз бүрийн ургамлын гаралтай эстрогентэй ойролцоо бүтэцтэй химийн бодис, ургамлын эстроген, шар буурцаг ийм даавар ихээр агуулдаг учир бага насны хүүхдэд тохиромжгүй).  Үүнийг орчин тойрны таргалуулагч хүчин зүйл гэнэ.
Таргалалтыг бид зөвхөн их идсэний үр дагавар гэж боддог бол орчин тойрон, удамшлын маш олон хүчин зүйл бий. Энэ талаар сүүлийн гучаад жил судалж байгаа ч учрыг нь бүрэн тайлж амжаагүй байгаа.

Monday, November 2, 2015

Нөхөн үржихүй болоод эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн хамаарал

Арван гурван жилийн турш Европын 10 орны 323 мянган эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг ажигласан судалгааны дүгнэлтэнд нөхөн үржихүйн хүчин зүйлс наслалтанд нөлөөлдөг болохыг дурджээ. Нийт оролцогсдын (судалгааны эхэнд оролцогсод 50 настай байсан) 14000 нь судалгааны явцад нас барсанаас 6000 нь хорт хавдраар, 2400 нь зүрх судасны өвчнөөр өнгөрчээ. 
Тухайн 13 жилийн туршид нас барах эрсдлийн хүчин зүйлийг сийлрүүлбэл:
- Сарын тэмдэг 15 наснаас хойно үзэгдсэн бол нас барах эрсдэл 12 настай анхны сарын тэмдэг үзсэн хүмүүсээс 10% бага. 
- Хорь хүрээгүй байхдаа анхны хүүхдээ төрүүлсэн бол нас барах эрсдэл 26-30 насандаа төрүүлсэн хүмүүсээс 10% их, харин 31 болоод түүнээс дээш насандаа анхны хүүхдээ төрүүлсэн бол энэ эрсдэл 8% их.
- Хүүхэдтэй эмэгтэйчүүдийн дунд хүүхдээ хөхөөр хооллосон бол нас барах эрсдэл угжсан эхчүүдээс 8% бага.
- Жирэмсэнээс сэргийлэх дааврын бэлдмэл хэрэглэж байсан бол эрсдэл 10% бага (энэ зөвхөн тамхи татдаггүй эмэгтэйчүүдэд хамаарна).
Нөхөн үржихүй наслалтанд хэрхэн нөлөөлдөгийг яг таг тайлж чадаагүй ч бэлгийн дааврын төвшний нөлөө бий гэж судлаачид үзэж байна. Жишээ нь, сарын тэмдэг эрт ирэх нь бэлгийн даавар эрт ялгарч байгаагийнх. Ийм тохиолдолд хөхний хорт хавдраар өвчлөх магадлал өсдөг. 

Эх сурвалж энд.